28/02/2017

Ирээдүйд хүмүүс өөрөө жолоодлоготой такси, автобус, буухиа автобусаар зорчих болно. Next Future Transportation нь ухаалаг, өөрөө удирдлагатай загваруудыг хөгжүүлэн өөрийн салбарын тэргүүн эгнээнд явж байна. what3words нь Next-тэй хамтран ажиллаж, зорчигч болон бараа авах, хүргэх цэгүүдийг нарийвчлалтай тогтооход шаардлагатай 3 үгт хаягаар хангаж байна.

Дараа үеийн аялал

Next нь зорчигч болон бараа таваарыг аль болох үр дүнтэй, үр ашигтай тээвэрлэхэд зориулсан өвөрмөц модулийн тээврийн шийдэл юм. Байгаль орчинд маш их ээлтэй цахилгаан модулиуд нь арван хүнийг нэг ухаалаг автомашины зайд багтаах чадвартай. Модулиуд нь явж байх үедээ бие биетэйгээ холбогдож, салж, зорчигчдыг эрэлтийн дагуу янз бүрийн цэгээс авч, буулгадаг болно.

Түүнчлэн явж байх үедээ хоол, уух зүйл, оффисын үйлчилгээгээр хангах тусгай модулиудыг хослуулан ашиглах боломжтой. Тэдгээр модуль нь холбогдсон үедээ нээлттэй, автобус шиг орчин үүсгэж, зорчигчдод зогсох, нэг модулиас нөгөө рүү шилжих, түүнчлэн салах буюу аяллаа үргэлжлүүлэхээс өмнө зорчигчдод бүс хооронд шилжих боломж олгодог.

Зүүгээр тэмдэглэхгүйгээр яг нарийн заана

Өөрөө удирдлагатай тээврийн хэрэгслүүд нь байршил болон явах чиглэлээ тогтоохдоо маш нарийвчлалтай заах шаардлагатай байдаг. Өнөөгийн гудамжны хаягжилтын систем хараахан тийм нарийвчлалтай биш байна. Уламжлалт хаягийн хайлтаар газрын зураг дээр зүүгээр тэмдэглэсэн байршил нь ихэвчлэн тухайн барилга эсвэл шуудангийн кодны төв цэгийг заадаг. Гэвч тээврийн хэрэгсэлд барилгын орох хаалганы цэг, замын хажуугийн зогсоол эсвэл барилгын урд талын зогсоолын цэгийн байршил шаардлагатай.
Дубай зэрэг хурдацтай хөгжиж буй хотуудад гудамжны тэмдэг тэмдэглэгээ, хаягийн өгөгдлийн сангийн хувьд хотын өсөлт тэлэлттэй зэрэгцэн шинэчлэгдэхэд хүндрэлтэй байдаг. Жолоочгүй тээврийн хэрэгслийн хувьд буруу байршилд ирэхэд холбоо барих жолооч байхгүй учир хангалтгүй, нарийн төвөгтэй эсвэл дутуу хаягжилттай нөхцөлд ажиллах ямар ч боломжгүй юм.

Унаа хүсэхдээ 3 үг ашиглана уу

Next байршил тогтооход учирдаг энэхүү бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд what3words-тэй хамтран ажиллах болсон. Энэхүү дэлхийн хаягжилтын системийн хүрээнд дэлхийн хаана ч байсан дахин давтагдашгүй 3м x 3м хэмжээтэй квадратыг энгийн 3 үгт хаягаар заах боломжтой.

what3words-ийн тусламжтайгаар Next-ийн зорчигчид очих эсвэл суух цэгийнхээ 3 үгт хаягийг бичвэр эсвэл дуут командаар оруулах боломжтой болно. Гурван үгт хаягийг санах, хэрэглэхэд хялбар, түүнчлэн бусадтай хуваалцах эсвэл аппад оруулахад дөхөм юм.

Жишээлбэл: Next-ийн модуль зорчигчийг “Emirates Towers Hotel” зочид буудлын худалдаа үйлчилгээний төвийн зүүн гар талаас gala.internet.rehearsal хаяг бүхий цэгээс авч, Кайт наран шарлагын газрын баруун өмнөд буланд glowing.inventions.extra гэсэн хаягт байрлах сөрфинг хийхэд хамгийн тохиромжтой цэг рүү хүргэх боломжтой юм.
“what3words систем нь жолоочгүй автомашиныг амжилтад хүргэх үндэс суурь юм” гэж Next-ийн Ерөнхий захирал, хамтран үндэслэгч Эммануэла Спера өгүүлэв. “Та жолоочгүй автомашин руу утасдаж, орон сууцныхаа орцын нарийн байршлыг тайлбарлаж хэлэх боломжгүй гэж бодъё. what3words бол энэ асуудлыг шийдвэрлэх дараачийн үеийн хаягжилтын систем юм” гэж тэрээр цааш нь ярилаа.

Ирээдүйд хүргэх автозамын зураглал

Дубайн Зам Тээврийн Газар (ЗТГ) болон үндэстэн дамнасан тээврийн сүлжээний компани болох Careem Next-ийн өөрөө жолоодлоготой цахилгаан подуудыг хэрэглэх хэлцэлд гарын үсэг зурлаа. Тус төсөл нь Дубайн засгийн газрын гол салбаруудад зориулж ирээдүйн автозамын зураг хөгжүүлэхээр байгуулсан засгийн газрын дэмжлэгтэй түргэвчлэх хөтөлбөр болох Dubai Future Accelerators-ын хүрээнд хэрэгжиж байгаа юм.
Дубайн Захирагч Эрхэмсэг Шейх Мохаммед мөн 2030 он гэхэд нийт зорчигч тээвэрлэлтийн 25 хувийг ухаалаг бөгөөд жолоочгүй болгох зорилго дэвшүүлсэн. Зарим бүс нутагт Next-ийн анхны бүрэн загваруудыг турших ажил 2017 онд эхлэх төлөвтэй байна.