Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим 3 үгт хаягжилтыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. | what3words
21/06/2019

Технологийн дэвшлийг ашиглан өөрийн болон гишүүн ААН, байгууллагуудын хаягийн мэдээллийг хялбаршуулах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор МҮХАҮТ what3words компанитай хамтран ажиллахаар болж, 3 үгт хаягаа гардаж авлаа.

Энэ үеэр МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэлэхдээ: “Энэхүү 3 үгт хаяг нь тухайн байгууллагын байршлыг оновчтой тогтоох, бүтээгдэхүүн үйлчилгээ богино хугацаанд хүргэх зэрэгт онцгой ач холбогдолтой. Тиймээс бид цаашид үндэсний Танхимдаа төдийгүй 21 аймаг дахь салбар танхимууд, тэдгээрийн гишүүн байгууллагуудын үйлчилгээ, мэдээлэлд 3 үгт хаягийг ашиглах боломжийг бүрдүүлэхээр ажиллах болно” гэв.

what3words компанийн Монгол дахь хамтын ажиллагаа хариуцсан менежер Д.Золбоо: “Бид Монгол Улсад 3 үгт хаягжилтыг салбар бүрт амжилттай нэвтрүүлэн, хаягийн мэдээллийг технологиор дамжуулан хүн бүрт илүү хялбар болгохоор зорин ажиллаж байна. МҮХАҮТ-тай эхлүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудад технологийн дэвшлээр дамжуулан, үйл ажиллагааны чанараа сайжруулж, хэрэглэгчиддээ хялбар хүрэх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Их Британи улсын Лондон хотод 2013 онд үүсгэн байгуулагдсан what3words нь аливаа хаяг байршлаа илэрхийлэх хамгийн энгийн шийдэл юм. what3words-н үнэ төлбөргүй аппликейшн болон онлайн газрын зургийн тусламжтайгаар аливаа байршлыг 3 үгт хаягийг 36 хэл дээр олж, бусдад түгээх боломжтой. Тус системийг Mercedes-Benz, Lonely Planet, Airbnb зэрэг олон улсад нэр хүнд бүхий компаниуд ашигласаар байна.

МҮХАҮТ-ын 3 үгт хаяг: ///бэлэглэх.тайлбар.нүсэр