19/02/2019

Худалдаа, хөгжлийн банк 3 үгт хаягжилтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр 2019 оны 02 сарын 18-ны өдөр what3words компанитай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны эхлэл болгон ХХБ өөрийн бүх салбар, тооцооны төв мөн бэлэн мөнгөний АТМ-н байршлыг 3 үгт хаягаар хаягжуулснаар харилцагчид өөрт ойр салбар нэгжээ маш хялбархан олж очих боломжтой боллоо.

Хаягжилтын аливаа хүндрэлгүйгээр харилцагчиддаа банкны үйлчилгээг сүүлийн үеийн шинэлэг инновацилаг технологи ашиглан түргэн шуурхай үзүүлэх нь энэхүү хамтын ажиллагааны гол зорилго бөгөөд цаашид банкны үйлчилгээ болон технологийн дэвшлийг зохистой хослуулан харилцагчийн бүртгэл, зээл болон банкны бусад үйлчилгээг 3 үгт хаягаар харилцагчид үзүүлэхээр зорин ажиллах юм.

ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч Б. Баярмаа “Бид харилцагчиддаа чиглэсэн бүх бүтээгдэхүүн үйлчилгээндээ 3 үгт хаягжилтыг ашиглахаар зорин ажиллаж байгаа бөгөөд харилцагчиддаа үйлчилгээгээ улам хүртээмжтэй болгох боломжтой болсонг дуулгахад таатай байна. Энэхүү хамтын ажиллагаа нь хаягжилттай холбоотойгоор тулгардаг байсан олон хүндрэл бэрхшээлийг бууруулахад түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

“Монгол улсад 3 үгт хаягжилтыг банк санхүү, цахим худалдаа, шуудан хүргэлт, аялал жуулчлалын салбарт амжилттай нэвтрүүлж хаягжилттай холбоотой хүндрэлтэй асуудлыг хялбархан шийдвэрлэх боломжоор ханган ажиллаж байна. ХХБ-тай хамтран ажиллаж буй хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын бизнесийн үйл ажиллагааны чанар улам сайжирч, харилцагч, хэрэглэгчдийн сэтгэл ханамж нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.” хэмээн what3words-н Монгол улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал М. Уянга онцоллоо.