25/09/2017

ХААН Банк нь Монгол Улс даяар нийт 537 салбар нэгжтэй үндэсний хэмжээний тэргүүлэгч арилжааны банк бөгөөд Монгол улсын нийт айл өрхийн 70 гаруй хувьд банкны цогц үйлчилгээг хүргэн ажиллаж байна.  ХААН Банк нь Улаанбаатар хот, хөдөө орон нутагт аймаг, сумын төв, хилийн боомт дахь өөрийн салбар нэгжүүдээрээ дамжуулан Монгол Улс даяар иргэд, харилцагчдад банкны үйлчилгээ үзүүлэхээс гадна жижиг дунд үйлдвэрлэгчид (ЖДҮ), байгууллагын харилцагчдад банк санхүүгийн цогц үйлчилгээг найдвартай, түргэн шуурхай  хүргэдэг.

ХААН Банк нь цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийн мөнгө олгох зэргээр улс орны төлбөр тооцооны үлэмж хэсгийг дангаар гүйцэтгэдэг. ХААН Банк нь техник, технологийн шинэчлэлд тасралтгүй хөрөнгө оруулалт хийсээр ирсний дүнд Улаанбаатар, аймаг, томоохон сумын төвүүд, суурин газарт ATM-ны хамгийн өргөн сүлжээг бүрдүүлж, харилцагчид  аль ч салбар, нэгжээс  банкны үйлчилгээг бодит цагийн горимд авч санхүүгийн хэрэгцээгээ зохицуулдаг. Түүнчлэн ХААН Банкны дэвшилтэт цахим банкны үйлчилгээгээр тэргүүлж , Интернэт банк, Ухаалаг банк, Мобайл банк, Мессеж банк  гэх мэт цахим банкны иж бүрэн үйлчилгээг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

Хаан Банк үйл ажиллагаандаа what3words хаягжилтын системийг нэвтрүүлж буй харилцагчиддаа шуурхай, илүү найдвартай карт хүргэлтийн үйлчилгээг 2017 оны 09 сараас эхлэн санал болгож эхэлсэн нь 3үгт хаягжилтын системийг амжилттай нэвтрүүлсэн Монгол улсын төдийгүй дэлхийн хамгийн анхны банк боллоо.

“Төлбөрийн картыг харилцагчийнхаа гарт найдвартай хүргэх нь бидний хувьд маш чухал. Хаягжилтын асуудалтай холбоотойгоор хүргэлтэнд хүндрэлтэй асуудал тулгардагаас гадна харилцагчдын хаягийн мэдээлэл ямар нэгэн төвлөрсөн хаягжилтын системд тэр болгон бүртгэгдээгүй байдаг. Тиймээс бид 3 үгт хаягжилтын системийг карт хүргэлтэндээ ашиглаж эхэлсэн бөгөөд энэ нь харилцагчиддаа хаана ч байсан түргэн шуурхай, найдвартай хүргэлтийн үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм ” – ХААН Банкны иргэдийн банк хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч Т. Жавхлан