Завхан аймаг 3 үгт хаягжилтыг аялал жуулчлалын салбартаа нэвтрүүллээ
what3words компани, Монгол улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамтай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд, Завхан аймгийн Засаг Даргын Тамгын Газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тус аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд болон тэдгээрт түшиглэсэн аялал жуулчлалын байгууллагуудыг гадаадын болон дотоодын аялагчдад таниулах, байршлаа хялбар аргаар илэрхийлэх зэрэг сэдвээр тамгын газрын ажилчид болон аялал жуулчлалын байгууллагуудын төлөөллүүдэд сургалт зохион байгуулж санал солилцлоо.
Энэхүү хамтын ажиллагааны гол зорилго нь хаягжилтын аливаа хүндрэлгүйгээр аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хаягаа амар аргаар түгээснээр гадаад, дотоодын аялагчид зорин очих газраа хялбархан олж очих боломжийг олгож байгаа юм. Хамтын ажиллагааны эхлэл болгон зохион байгуулсан сургалт нь цаашдын хамтын ажиллагааны суурийг тавьж, аймаг, бүсийн аялал жуулчлалын салбарыг шат дараалалтайгаар хөгжүүлэхэд дэмжин, хамтран ажиллахад оршиж байна.
what3words буюу 3 үгт хаягжилтын систем нь дэлхийн гадаргууг 3м х 3м шоо дөрвөлжинд хувааж тус бүрт нь дахин давтагдашгүй 3 үгт хаягийг оноож өгснөөрөө өндөр нарийвчлалтайгаар өөрийн байгаа байршлыг илэрхийлэх боломжийг олгодог. Энэхүү технологийг хүн бүр гар утсан дээрээ үнэгүй суулгаж интернет холболтгүй орчинд ч ашиглах боломжтой нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын салбарын төлөөлөлд томоохон дэмжлэг болж байна.
Сургалтыг нээж Завхан аймгийн Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Газрын дарга Мөнхбат “Олон улсын хаягжилтын what3words компанитай хамтарч аймгийн аялал жуулчлалыг сайжруулах, Завхан аймгийн иргэдийн саналаар шалгаруулсан Отгонтэнгэр хайрхан тэргүүтэй есөн гайхамшгаа 3 үгт хаягаар дэлхийд сурталчлах боломж бүрдсэнд баяртай байна” хэмээж орчин үед найдвартай хаягжилт болон түүн дээр суурилсан хайлтын систем аялал жуулчлалын салбарт маш чухал үүрэгтэй болохыг онцолсон юм.
what3words компанийн хамтын ажиллагаа хариуцсан менежер Д. Золбоо ярихдаа “Говь, хангай нь хосолсон Завхан аймгийн хаягжилтыг илүү сайжруулахаар хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд аймгийн аялал жуулчлалын салбараас эхлэн бүхий л бизнесийн үйлчилгээ хаяг байршлаа хуваалцахад илүү хялбар болно гэдэгт итгэлтэй байна.” хэмээн онцоллоо.